ХООЛТ БАГ

Улаанбаатар хотоос 800 км, аймгийн төвөөс 300 км, сумын төвөөс 70 км зайд оршдог.  Далайн түвшнээс дээш 2200 м өндөрт өргөгдсөн өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрч, зундаа 35 хэм дулаардаг. Жилдээ дунджаар 200-250 мм тундас унадаг. Хангайн нурууны салбар Төрийн магнай, Цацад, Хамар даваа, Хоолтын даваа зэрэг сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн Ноён модны хөндий Бургаст гэдэг газар багийн төв оршдог. Багийн засаг даргаар Б. Төмөрхуяг байгаль хамгаалагчаар О. Гончигдорж нар ажиллаж байна.

 Тус багт 5 жилийн тогтолцоотой бага сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.

2023 оны жилийн эцсийн тооллогоор 199 өрх, 689 хүн ам, 42022 мал тоолуулсан.

Хоолт нутгийн малчид ажил үйлсээрээ цуутай бөгөөд тус нутгаас давхардсан тоогоор БНМАУ-ын аварга 8, аймгийн аварга 51, сумын аварга 39 төрж улс, аймагт удаа дараа түрүүлж тэргүүний хамт олон болж бусдад туршлага судлуулж байжээ.

Үзэсгэлэнт газрууд: Тус багт оршдог үзэсгэлэнт газруудыг товч танилцуулбал:

Жинст цохио- Хоолт багийн Сөдөтийн адагт оршдог. Сумын төвөөс 80 км зайтай баруун хойд зүгт байдаг.  Өндөр нь 7м бөгөөд энэ цохионы суурь том хадан хясаа дээрээ тулгын чулуу төдий тусгай суурин дээр дэндийж тогтсон нь хүчтэйхэн түлхэх юмуу эсвэл салхи шуурганд уначихмаар харагдана. Түүнийг зүүн талаас харвал тайжийн малгайны жинс мэт цомбогор. Уг хясааг эртнээс тахиж шүтэж ирсэн төдийгүй түүний домог гайхамшигтай.

Ёлын хясаа: Сумын төвөөс 90 км зайтай урт нь 200 м, өндөр нь 95 м өндөр хясаа. Уг хясааны ойролцоо байгаа үхэр мал элдэв өвчнөөр өвчлөх нь бага бөгөөд үхрийг мялзан өвчнөөс хамгаалах домтой хясаа юм.

Хүн чулуу: Хоолт багийн адагт баруун хойд зүгт сумаас 74 км зайтай, Өндөр нь 175 см, өргөн нь 65 см, байгалийн тогтоцтой хүн чулуу юм.

 Бугатын хадны бичээс: Хоолт багийн Бугатын адагт оршдог. Өндөр нь 6м, өргөн нь 5м, сумын төвөөс 100 км зайд оршдог хадны бичээс юм.

Ёлын агуй- Сумын төвөөс 90 км зайтай оршдог.

Сүг зураг: Хоолт багийн Бугат гэдэг газар оршдог. Хадан дээр цохисон амьтны хэлбэртэй сүг зургууд оршдог. Өндөр нь 5м, өргөн нь 6м. Сумаас 110 км зайд оршдог. /Иргэн Ванчинсүрэн хариуцаж байдаг/

Салхитын хясаа: Хоолт багт сумаас 80 км зайд оршдог. 25 м-ийн өндөртэй үзэсгэлэнт хясаа болно.