Home ил тод байдал Засаг даргын Тамгын газрын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

Засаг даргын Тамгын газрын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага

 1.1.Хөтөлбөр боловсруулах үндэслэл

1.1.1 Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт  “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан нь хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

1.1.2. Сумын хүн амын тоо өсч, түүнийг дагаад төрийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Иймд төрийн үйлчилгээний цар хүрээ, чанарыг сайжруулах, хурдан шуурхай, чирэгдэл, доголдолгүй үйлчлэх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг өндөржүүлэхийн зэрэгцээ тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бий болгох шаардлагатай байна.

1.2.Хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага

1.2.1. Төрийн албан хаагчдад хуулиар олгогдсон нийгмийн баталгаа, дэмжлэг тусалцааны бүх төрөл, хэлбэрийг уг хөтөлбөрт нэгтгэж хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих.

1.2.2.Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх.

1.2.3.Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор батлагдсан төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, тэдгээрийн харилцааг зохицуулах дүрэм, журмуудыг нэгтгэх, зарим зүйл заалтыг байгууллага, хамт олныхоо онцлог, нөхцөл байдалд  тохируулан задалж дэд хөтөлбөр, дотоод журам, төлөвлөгөөндөө тусгах.

Хоёр. Хөтөлбөрт хамрагдах албан хаагчид

2.1.Энэ хөтөлбөрт дараахь албан тушаалын ангилалд хамаарах төрийн албан хаагчид хамрагдана:

1/ Төрийн улс төрийн албан хаагчид

2/ Төрийн захиргааны албан хаагчид

3/ Төрийн үйлчилгээний албан хаагчид

4/  Шаардлагатай бол төрийн тусгай албан албан хаагчид

2.2.Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүй буюу туршилтын болон түр хугацаагаар ажиллаж байгаа этгээдэд энэ хөтөлбөр хамрагдахгүй.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Төрийн албан хаагчийн ажиллах таатай орчин, урам зориг, хүсэл эрмэлзлэлийг бий болгоход чиглэгдсэн, хөдөлмөрийн харилцаан дахь урамшуулал, идэвхжүүлэлтийн аргад тулгуурласан олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Дөрөв. Хөтөлбөрт дэвшүүлж буй зорилтууд

  1. Ажиллах нөхцөл боломжоор хангах
  2. Цалин хөлс, нэмэгдэл олгох
  3. Албан томилолт бусад нөхөн төлбөр олгох
  4. Баярын болон ээлжийн амралт олгох
  5. Тусламж, дэмжлэг үзүүлэх
  6. Шагнал урамшуулал олгох
  7. Тэтгэвэр, тэтгэмж олгох
  8. Орон байрны нөхцлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  9. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
  10. Төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах эрч хүч хүсэл эрмэлзэл бий болгоход анхаарч ажиллах
  11. Төрийн албан хаагчийн гэр бүлийн хөгжлийг дэмжин ажиллахад анхаарах

Тав. Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зарчим

Зорилт 1 Ажиллах нөхцөл боломжоор хангах

  1. Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тухайн албан тушаалд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, техник хэрэгслийг тодорхой зааж, түүний дагуу бүрэн хангах
  2. Дэвшилтэт шинэ тоног төхөөрөмж, технологийг ажил албандаа нэтрүүлэх, цаасгүй технологи бий болгох, шинэ арга барилыг байнга эрэлхийлгэх
  3. Амралтын цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох, амралт /цай, кофе уух, хөгжим сонсох, сонин сэтгүүл унших г.м/ спортын бие бялдаржуулах өрөө тохижуулах зорилт тавьж биелүүлэх
  4. Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах

Зорилт 2Цалин хөлс, нэмэгдэл олгох

  1. УИХ, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээг баримтлан албан хаагч нарын  цалинг тухай бүр шинэчлэн тогтоож мөрдөх
  2. Цалингийн нэмэгдэл, суутгал, шимтгэл зэргийн мэдээллийг ажилтанг хүссэн ямар ч үед өөрийнх нь мэдээллээр үнэн зөв хангах
  3. Цалинг тавьж олгохдоо урьдчилгааг зөвхөн тухайн албан тушаалтны хүсэлтээр, үндсэн цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол сар бүрийн тогтоосон нэг өдөр олгож байх
  4. Төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаасан хугацааг тодорхойлж, нэмэгдэл олгох хувийг Засгийн газраас (2018 оны 382 дугаар тогтоолын 1-р хавсралт) баталсан журмын дагуу Тамгын газрын даргын тушаалаар олгоно.
  5. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр олгох, ахиулах асуудлыг жил бүрийн эхний улиралд Төрийн Албаны Зөвлөлийн Салбар Зөвлөлд хүсэлт хүргүүлэн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эхний хагас жилд багтаан олгоно
  6. Аймгийн Засаг даргын “Зэрэг, дэв олгох тухай “ захирамжийг үндэслэн тухайн байгууллагын даргын тушаалаар уг албан тушаалтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож баталгаажуулна
  7. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэд арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан төрийн үйлчилгээний ажилтанд ур чадварын нэмэгдлийг Засгийн газраас (2018 оны 382 дугаар тогтоолын 4-р хавсралт) баталсан журмыг үндэслэн Тамгын газрын даргын тушаалаар олгоно.
  8. Төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын (2018 оны 382 дугаар тогтоолын 5-р хавсралт) баталсан журмын дагуу Тамгын газрын даргын тушаалаар олгоно.
  9. Албан тушаалтны цалингийн сүлжээний шатлал ахиулах, бууруулах шалгуур үзүүлэлтийг тухайн албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үндэслэн Тамгын газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

Зорилт 3 Албан томилолт бусад нөхөн төлбөр олгох

  1. Албан хаагчдын томилолтыг ажлын удирдамж, төлөвлөгөөг үндэслэн олгоно.
  2. Хүндтэй биш шалтгаанаар удирдамж, төлөвлөгөөнд заагдсан үүргээ хагас дутуу юмуу огт биелүүлээгүй бол томилолтын зардлыг хувилж төлүүлнэ.
  3. Албан ажилд хувийн унаагаа хэрэглэхийг хүссэн албан хаагч нь энэ тухай өргөдөл гаргаж байгууллагатайгаа гэрээ байгуулна.
  4. Албан хаагчдаас мэргэжлээ дээшлүүлэх чиглэлээр их, дээд сургуульд суралцах хугацаанд нь ажлын байрыг хадгалж суралцах нөхцөлөөр хангах, хуульд заасан журмаар цалин олгох зэргээр дэмжлэг үзүүлнэ.

Зорилт  4 Баярын болон ээлжийн амралт олгох

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шинэ жил-нэгдүгээр сарын 1, цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – гуравдугаар сарын 8, хүүхдийн баяр-зургадугаар сарын 1, үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-долдугаар сарын 11, 12, 13, 14, 15, Их Эзэн Чингис хааны өдөр:-Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1; үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр-арван хоёрдугаар сарын 29, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-нд тус тус нийтээр амарна.
  2. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, жилийн бүрийн хоёрдугаар улиралд багтаан гаргаж Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалаар баталгаажуулна.
  3. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй төрийн захиргааны албан хаагчдад түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.
  4. Тухайн байгууллагад шинээр ажилд орсон төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажилд орсон өдрөөс хойш хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралт эдлэх эрх нээгдэнэ.
  5. Ажилтны түр чөлөөг тухайн байгууллага дотоод журмаараа зохицуулна.

Зорилт 5 Тусламж, дэмжлэг үзүүлэх

  1. Ээлжийн амралтаараа буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үеийн мөрдөж байгаа үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.
  2. Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
  3. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд эмчлүүлэх тохиолдолд ирэх, очих замын зардлыг авто тээврийн хэрэгслийн тухайн үеийн мөрдөж байгаа үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.
  4. Өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлнэ.
  5. Албан хаагчдын өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн ашгийн бусаар туслах аж ахуй эрхэлх /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарих, мал өсгөх, бусдад туслах, сайн дурын ажил хийх гэх мэт/ дэмжиж ажиллана.
  6. Гачигдал болон тэмдэглэлт үйл явдал, арга хэмжээний үед олгох буцалтгүй тусламжийн хэмжээг байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу олгоно.

Зорилт 6 Шагнал урамшуулал олгох

  1. Албан тушаалын үүргээ бүрэн биелүүлж, өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчдын ажлын үр дүнг нь үнэлж байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан
  2. Мөнгөн шагналаар шагнах
  3. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах
  4. Улирлын ажлын дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар  биелүүлсний төлөө мөнгөн урамшуулал олгох
  5. Ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах,  хүндэт дэвтэрт бичих, жуух, өргөмжлөлөөр шагнах, тэргүүний ажилтнаар өргөмжлах
  6. Дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох зэрэг шагнал, урамшил олгоно.
  7. Шагналыг шат дараалан олгох бөгөөд онцгой тохиолдолд тохирох шагналд шууд нэр дэвшүүлнэ.
  8. Дотоод журамд заасны дагуу албан хаагчдыг урамшуулна.

  Зорилт 7 Тэтгэвэр, тэтгэмж олгох

  1. Тэтгэвэр тогтоолгосон буюу төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн албанд ажилласан хугацааг харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламжийг холбогдох (Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол) журмын дагуу олгоно.
  2. Тэтгэвэр тогтоолгосон төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох буцалтгүй тусламжийг байгууллагын дотоод журмандаа тусган шийдвэрлэнэ.
  3. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

Зорилт 8 Орон байрны нөхцлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх

  1. Төрийн албан хаагчийг орон сууцны нөхцлөө сайжруулах зорилгоор банкнаас зээл авахад нь  дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
  2. Багийн төвүүдэд албан хаагчдад зориулж хашаа, байшин, орон сууц бариулах ажлыг зохион байгуулж газрын асуудлыг шийдвэрлэнэ.
  3. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ, нүүрс худалдан авахад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ажлыг жил тутам зохион байгуулна.
  4. “Хамтын сан” бүрдүүлж хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож болно.

 Зорилт 9 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Төрийн албан хаагчдад эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг боловсрол олгох. “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч болон нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийг урьж, жилд нэгээс доошгүй удаа албан хаагчдад яриа, таниулга хийнэ.
  2. Төрийн албан хаач бүрийг жил бүр эрүүл мэндийн сорилд хамруулж чийрэгжүүлэх арга хэмжээ авна.
  3. Төрийн албан хаагч бүр ажлын байран дахь дасгал, хөдөлгөөнийг тогтмол цагт хийж хэвшинэ.
  4. Албан хаагчийг гадаадад болон дээд шатлалын эмнэлэгт эмчлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  5. “Эрүүл агаар эм”, “Цасны баяр” сэдэвт идэвхитэй амралт, явган аяллыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
  6. Спорт, биеийн тамирын арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах ажлыг зохион байгуулна.

 Зорилт 10 Төрийн албан хаагчийн нийгмийн хэрэгцээ, сэтгэл зүйн хандлагыг мэдэрч тэдэнд ажиллах эрч хүч хүсэл эрмэлзэл бий болгоход анхаарч ажиллах

  1. Удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтны хороондын харилцаа хандлагын хэв маягыг өөрчлөх замаар ажлын байран дахь сэтгэл ханамжийн аятай нөхцөлийг бүрдүүлэх. /Удирдах албан тушаалтнууд тодорхой хугацаанд албан хаагч нартайгаа ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт зохион байгуулдаг байх/
  2. Нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт ойн жилийг тохиолдуулан албан хаагч нарт хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулна.
  3. Төрийн албан хаагч  эрхэлсэн ажил, мэргэжлийнхээ дагуу оюуны бүтээл туурвихаар бол байгууллагын зүгээс эх бэлтгэх, хэвлэх, олшруулах, олон нийтэд суртачилах зэрэгт нь дэмжлэг үзүүлэх
  4. Төрийн албан хаагчийн оюуны болон бүтээлч санал нь туршлага болохуйц ажил үйлчилгээг бий болгосон бол урамшуулал олгох
  5. Төрийн албан хаагч нарт ажиллах эрч хүч, хүсэл эрмэлзлэл, туршлага бий болгох зорилгоор эх орныхоо болон гадаадын үзэсгэлэнт газар, байгаль, нийгмийн соёл, уламжлалтай танилцуулах   аялалыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.

Зорилт: 11- Төрийн албан хаагчийн гэр бүлийн хөгжлийг дэмжин ажиллахад анхаарах

  1. Төрийн албан хаагчийн амьдарч буй орчин нөхцөл, гэр бүлийн гишүүдийнх нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг мэдээллийг агуулсан судалгаатай байх
  2. Гэр бүлийн гишүүдийн дотор тусгай арчилгаа шаарддаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол тухайн ажилтанд гэр бүлийн гишүүнээ асрахад нь зориулсан ажлын цагийн хөнгөлөлтийг боломжит хэлбэрээр олгодог байх

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг 2019-2025 он хүртэл хугацаанд үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Орон нутгийн төсвийн хөрөнгө
  • Орон нутгийн нөөц сан
  • Төсвийн тухай хуульд заасан хандив, тусламж
  • Хамтын сан

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага арга зүй, зохицуулалтаар хангах, хяналт тавих үүргийг Засаг даргын Тамгын газрын дарга, нутгийн захиргаа, эрх зүйн мэргэжилтэн, санхүүгийн ажилтнууд хариуцаж гүйцэтгэнэ.

7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн албан хаагчдад олгох зарим хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийн хэмжээ, чөлөө зөвшөөрлийн хугацаа, хангалт материалын тоо хэмжээ зэрэг хууль тогтоомжид заагдаагүй асуудлыг дотоод журмандаа тусгаж хэрэгжүүлнэ.

7.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр боловсруулан байгууллагын жилийн төлөвлөгөөний хавсралт болгон батлана.

7.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр ажилтан албан хаагчдад тайлагнан хамт олны хурлаар дүгнэн тэмдэглэл хөтөлнө.

7.5. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хамаарах хууль, тогтоомж, дүрэм, журам өөрчлөгдсөн тохиолдол бүрт Засаг даргын Тамгын газар нэмэлт, тайлбар, тодруулга хийнэ.

 Найм. Хөтөлбөрийн үр дүн

8.1. Төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт амжилттай хэрэгжиж, ажлын үзүүлэлт, хөдөлмөрийн бүтээмжид ахиц, өөрчлөлт гарна.

8.2.  Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжоор олгогдсон нийгмийн баталгаагаар бүрэн хангагдана.

8.3. Төрийн албан хаагчийн амьдрал ахуй, орон байрны асуудал сайжирна.

8.4. Төрийн албан хаагчийн цалин хангамж, төлбөрийн чадвар нэмэгдэнэ.

8.5. Төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.

8.6. Энэхүү хөтөлбөр болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь дараагийн хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, суурь судалгаа болно.