БАЯНЦАГААН БАГ

Баянцагаан нь тус сумын төрийн байгууллагууд оршдог төвийн баг юм. 1932 оны 11 сараас эхлэн сумын төв Баянцагаанд суурьшиж одоог хүртэл оршиж байна.

Нутаг дэвсгэрийн хил хязгаарын хувьд баруун талаараа Хоолт, Хойд талаараа Эрдэнэ-Уул, зүүн талаараа Зуслан, урд талаараа Асайт багтай хиллэдэг.  Дулаанхан уулын салбар уулсын дунд хүрээлэгдэж Их улиастайн гол, Нарийн Улиастайн гол тэдгээрийн цутгал  олон жижиг булгууд урсан өнгөрнө.

Дулаахан уул нь далайн төвшнөөс дээш 2548 м өндөр өргөгдсөн, онгон байгаль, олон төрлийн ой модоор бүрхэгдсэн, тус сумын томоохон гол горхи, булаг шандны эх болдог усны хагалбар, байгалийн үзэсгэлэнт сайхан уул юм. Дулаахан уулыг 1994 онд аймгийн тусгай хамгаалалтанд авч, улсын тусгай хамгаалалтанд авах саналыг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас холбогдох байгууллагад удаа дараа тавин ажиллаж байна. 

Тус багийн  Засаг даргаар Ча. Минжүүрдорж /1992-1996/, Ц.Лхагважав /1996-2000/, Ж. Мягмарсүрэн /2000-2002/, У.Энхтунгалаг 2002-2016, О. Мөнхбат /2016-2023 он/ 2023 оноос Г. Бороохүү нар ажиллаж байна. Тус баг Дулаахан уулын хормой, Улиастайн голын дэнжид суурьшиж 2023 оны жилийн эцсийн тооллогоор 358 өрх, 1319 хүн ам, 28335 мал тоолуулсан.