Slide background
Slide background
Slide background

Түүхэн замнал

   Б. Амартүвшингийн “Эрдэнэцогцолсон Жаргалант нутаг” номонд дурьдсанаар…

 Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр:   Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ.

     Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.

   1206 онд Их монгол Улс байгуулагдахад Горлос нь Өүлэн эх, Хавт Хасарын эзэмшилд очиж, зарим нь баруун тийш нүүдэллэж Узбекийн холбоонд багтсан. Өүлэн эхийн эзэмшилд очсон Горлос нар нь Монголын хаадын үр хойчист захирагдан явсаар ХҮI зууны дундуур Халхын долоон отгийн бүрэлдэхүүнд багтаж, ХҮII зууны сүүл үеэс Хэрэгүүд нарын хамт Түшээт хан аймгийн бүрдүүлжээ. ХҮI –ХҮII зууны үед Горлосын гол хэсэг нь Хангайн нуруунаас Хэрлэн гол хүртэл Орхон, Туулын бэлчирээр нутаглаж байсан. Хавт Хасарын эзэмшилд очсон Горлос нар нь түүний удмын ноёдод захирагдаж явсаар Өвөр монголын Жиримийн чуулганы Горлос хоёр хошуу болсон.

         Хэрэгүүд нь Хиргис гаралтай эртний овог. Енисей мөрний эхэн урсгалаар нутаглаж явсан Хиргис нар нь IХ зууны дунд үед Монгол нутагт түрэн орж ирж төр улс байгуулан 50 орчим жил монгол нутагт ноёрхож байсан. ХIII зууны эхээр Хиргис нар монголын эзэнт гүрний захиргаанд орж, хожим хэдэн зуун жил болоход халхжиж ХҮI зуунд Хэрэгүүд нь Ар халхын 13 отгийн нэг болсон. Ар Халхын долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болон хуваагддаг. Зүүн гар нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн, дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал, тавдугаар хөвгүүн Дарь нарын эзэмшлээс бүрдэнэ. Дарь тайж үргүй тул түүний хувь эзэмшил Аминдуралд шилжжээ. Зүүн гарын нутаг дэвсгэр нь Хангайн уулсаас Халх гол хүртэлх нутгийг хамарч Онохуй үйзэн, Аминдурал нарын эзэмшил нутаг нь Хэрлэн голоор зааглагдаж байв. Онохуй үйзэн ноёны орд өргөө нь Туул гол, Эрдэнэзуу орчмын газарт байрлаж байжээ.

       Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.

       Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ.

     1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.

     1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буулгасан Богд хаантаны Хишиг тархаах зарлигаар Сайн ноён Төгс-Очирын Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит Эетэй дайчин цол шагнан хүртээснээр Халх монгол нь 4 хантай болж, Сайн ноён аймаг нь Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэгдэх болсон.

     Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно.

   Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан…

 

Д. Гүррагчаагийн “Номон суварга-III” номонд дурдсанаар…

…Архангай аймгийн Жаргалант сум Энх-Амгалангийн 48 дугаар он буюу 1709 онд анх Халхын Сайн ноён хан аймгийн Эетэй гүний хошуу нэртэй байгуулагдаж Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз Жалайр хун тайжийн залгамж угсааны тайж Зэнэмэд тэргүүн тайжаар өргөмжлөгдөн хошууны ноёны албанд томилогджээ. Хошуу нутгийн хилийг тэмдэглэсэн бичигт “Тайж Зэнэмэдийн нутаг бол зүүн талаараа Цахар, баруун хэсэг нь халзан байтаг уулын ар, өмнө хэсэг нь Орхон гол, хойд тал нь Бурхан уулын энгэрт хүрч Чулуут голыг хавчиж буй” гэжээ.

   Хожим үеийн хошууны нутгийн тэмдэглэлд “Зүүн тийшээ Бурхан уул, өмнө хэсгээрээ Дахын тал, баруун талаараа Хайрхан уул, хойд хэсгээрээ Дахын адаг, зүүн тийшээ Азарга, хойшоо Нуламтайн хойд уулын нуруу, зүүн өмнөд хэсгээрээ Зуслангийн гол, баруун Хацавч, баруун өмнөд талаараа Чулуут гол хүрчээ” гэж тэмдэглэсэн байдаг.

   Үе үеийн ахмад буурлуудын хууч ярианаас үзвэл Эетэй гүний хошууны нутаг нь “Далай Чойнхор вангийн хошуунаас тасарсан бага шиг газар, урдуураа Цэцэн чин Вангийнхантай, баруун талаараа Далай Чойнхор вангийнхантай, зүүн хойгуураа Хөндлөн мэргэн засгийнхантай хил залгана” гэдэг.

   Дээрх тэмдэглэл, яриа сурвалжаас тоймлон үзэхэд тус хошуу нь урд талаараа олон голын бэлчирээс Даага, Шаргачин, баруун талаараа Чулуут голоос Зуслангийн голын адаг хүртэлх нутгийг хамран оршиж байжээ.

     Даян хааны төгс үзэсгэлэнт Жимсгэнэ хатны хоёр хөвгүүний бага нь болох Жалайр хун тайж нь Очирхан, Дайчин, Илдэн, Цөхүр /Хүхэн/, Хошууч, Бодисун гэх зургаан хөвгүүдтэй байсан ажээ. Гэрсэнз, Жалайр хунтайжийн дөрөв дэх хөвгүүн Цөхүрийн удмын Цэдэнгийн хүү Зэнэмэд болой.

     Зэнэмэд нь онд таалал болж, түүний засаг ноёны угсааг залгамжилсан ахмад хөвгүүн Тэгш 1724-1750 онд төр барьсан.

     Тэгшийн ууган хөвгүүн Убаш 1750-1788 онд, Убашийн хөвгүүн Бодьсүрэн 1989-1804 онд тэргүүн хэргэмтэй угсаа залгамжилжээ. Бодьсүрэн нь маш тайван хүн байв. Харин Бодьсүрэнгийн төрсөн дүү Гомбодорж нь ахынхаа угсааг залгамжлан 1804-1843 онд ноён суусан. Гомбодорж нь төр гэрлэлтийн зургадугаар онд цэргийн хэрэгцээнд тэмээ, морь тусалсан учир дөрөвдүгээр зэрэг дэвшүүлсэн.

   Гомбодоржийн гутгаар хөвгүүн Галсандорж нь 1843-1850 онд хэргэм зэрэг залгамжилсан. Галсандорж таалал болсны дараа түүний дөтгөөр хөвгүүн Жанчивдорж 1851 онд засаг ноёнд томилогдсон боловч Төвд орж хошууны ноёны суудал аваад буцаж ирэх замдаа таалал төгссөн тул Жанчивдоржийг төр бариагүй гэж үздэг байжээ. Жанчивдорж нь цэргийн хүрээ байгуулахад ихээхэн зүтгэсэн учир зургаан зэрэг тэмдэглүүлсэн боловч урвасан хулгай Төгсийг барьж чадаагүйн улмаас хоёр зэрэг хасуулсан ч хожим нь оргосон хулгай Очирыг бариулсан тул нэг зэрэг нэмүүлсэн гэдэг.

     Жанчивдоржийн хөвгүүн Ринчиндорж нь 1852-1895 онд засаг ноён болжээ. Ринчиндорж нь бурхан шашны сургаал номыг дэлгэрүүлэхэд ихээхэн идэвх зүтгэл гарган олон сүм, хийд байгуулсан ажээ.

     Ринчиндоржийн гутгаар хөвгүүн Даянжалбуу эцгийнхээ гэрээслэл ёсоор үе залгамжлан 1897-1916 онд хошууны ноёны суудалд суув. Гэтэл Ринчиндоржийг өөд болсны дараа тайж Сүмбэрэл таалал төгссөн засаг ноёныхоо гэрээслэлийг эсэргүүцэж, Даянжалбууг бичиг үсэг мэдэхгүй, мунхаг болхи тул засгийн хэрэг шийдэж чадахгүй гэх зэргээр шалтаг тоочин дээд газарт зарга мэдүүлэн заалдаж өөрөө засаг ноён болохоор мэдүүлжээ. Гэвч Ринчиндоржийн гэрээслэл ёсоор хошууны засаг ноёны эрхийг дээд газраас Даянжалбууд шилжүүлжээ. Засаг ноён Даянжалбуугийн туслахаар тайж Сүмбэрэлийг түр томилж хошууны тамгыг захируулав.

       Тайж Сүмбэрэлийн амьдрал гэрэл гэгээтэй, эрээн бараан, ээдрээтэй сонин содон түүхээр баялаг байжээ. Тэр үеийн цаг төрийн үймээн түүний амьдралыг бас тойрсонгүй. Тайж Сүмбэрэлийг бага насанд нь гэрийн сургуулиар хуучин бичиг үсэг заалгаж боловсрол эзэмшүүлсэн тул түүний чадварыг үнэлж засаг ноён Даянжалбуу өөрийн төрийн албан бичгийн эх зохиох түшмэлээр томилжээ.

   Олон жил үр бүтээлтэй ажилласан тайж Сүмбэрэлийг 1915 онд Сангийн яамнаас туслагч “Очир гүн” хэмээх цолоор шагнасан бөгөөд тэр цагаас хойш түүнийг “Сүмбэрэл Очир гүн” хэмээн ахайлдаг болжээ.

     Даянжалбуу ноён нь их төлөв даруу томоотой хүн байсан тул туслах түшмэл, тайж нар түүнийг овжин ашиглаж хошууны тамгат бичгээр улсын сөн хөмрөг, пүүс, хоршооноос их хэмжээний мөнгө авч түүнийгээ хошууны өр болгон бичиж ард олны амьдралыг доройтуулж байжээ.

       Даянжалбуу гарын ур сайтай мужаан, уран дархан хүн байсан тул хүүхдүүд, хошууныхаа дархчуудтай нийлж өндөр Жанрайсаг сүмийн алтан ганжирыг босгож тогтооход чухал үүрэг гүйцэтгэж 1913 онд “Дархан гүн” цол, мөнгөн Цэнд-Аюуш бурхан, цоохор хонх, Алтангэрэл, Жадамба судраар шагнуулсан байна. Энэ цагаас хойш Эетэй засгийн хошууг Даянжалбуу засгийн хошуу буюу Дархан гүний хошуу гэж нэрлэх болжээ. Даянжалбуу засаг нь гүн зэрэг нэмсэн боловч Манж эзний ивээл хишгээс гадуур, халхын ноёдоос доогуур суудалтай нэгэн ажээ.

     Засгийн хошуу нь нутаг бэлчээр хавчсан амьжиргааны цөөхөн малтай хэр нь их эзэнд барих бэлэг, төрд төлөх алба гувчуурт хамгийн их өртдөг байв.

   Даянжалбуу засаг ноён 1914 оны үед хууч өвчтэй нас өндөр болсон шалтгаанаар засгийн эрхийг том хүү Ванчиннамжилдаа үе залгуулан өгчээ. Засаг ноён Ванчиннамжил нь догшин ширүүн ааштай, хүний мөсөөр тааруухан хүн байсан гэдэг. Тэрээр аавыгаа амьд сэрүүн байхад нь өөрөө сайн дураараа засгийн эрхийг авсан тул түүнийг “сайн дурын засаг” гэдэг байжээ.

   Засаг ноён болоод Бээжингээс анх ирэхдээ хошууны ард олныг залхаан цээрлүүлэхийн тулд хүнд төмөр дөнгө, гав гинж ачиж ирсэн юм гэдэг. Ванчиннамжил засгийн үед хошуу нутаг өр зээлд улам баригдаж хүн ард нь ядуурч бэрх болсон учир тайж Намсрайжаваар удирдуулсан эсэргүүцэл зарга гарсан байна.

       Сайн ноён хан аймгаас гарсан хамгийн том зарга бол 1918 оны 10-р сарын 13-ны өдөр засаг ноён Ванчиннамжил, Сүмбэрэл-Очир гүн нартай заалдсан заргын бичиг бөгөөд Эетэй засгийн хошууны 600 гаруй хүн ноёноо эсэргүүцсэн тэмцэл байлаа. Нэг талаас заргалдагч тайж, сул ард олны өчиг мэдүүлгээр хошуу ноён ах дүүс, ураг төрөл, хадмаараа санаа нэгдэн Улиастай, Да хүрээний Идгаачойзлон хийд, Улсын сангийн газар, “Бээжин” Бадрах, иргэн Маагийн пүүс дэлгүүр Орос, Хятад худалдаачдаас 28686 лан, 3 цэн, 4 пун мөнгө, 17047 рублийн цаасан тэмдэгтийн өр тавин хошуу олноор төлүүлэх гэж өрийн дансанд бичиж ядуу доод ардуудыг хэлмэгдүүлэн хохироож байгааг эсэргүүцэн 31 зүйлтэй заргын бичиг үйлдэж энэ байдлыг хянан үзэж уул мөнгийг буруутай эздээр төлүүлэх, хошуу ноёдыг даруй сольж, ядуу ард түмний амьдралыг харж үзэх шаардлага тавьжээ. /Ц. Насанбалжир “Ардын заргын бичиг” 1963 он. 158-192-р тал/

     Таван жил үргэлжилсэн энэ заргыг таслах ажлаар Богд гэгээний засгийн газар Дотоод явдлын яамны заргын хэрэг эрхэлсэн гүн Ламжав ирж 300 гаруй хүнтэй биечлэн уулзаж хошуу ноён, туслагч гүн Сүмбэрэл-Очир, тайж Жалбуу тэдний холбоотон сүлбээтний тавьсан өрийг эздээр нь төлүүлэх, ард олонд ногдуулсан өрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Богдын засгийн газар засаг ноён Ванчиннамжилыг огцруулж уг хэргэмийг тайж Жамсрангийн Намсрайжавт залгамжлуулж харъяа хошууг эмхлэн цэгцлэхийг зарлигаар даалгажээ. Энэ үед Ханчин хамба С. Жамъянгарав ихэд хилэгнэн “Би ноёны хүү ноёнд захирагдахаас биш, зүгээр нэг сул тайжид захирагдахгүй” гэж дургүйцсэн гэдэг.

        Богд хаант засгийн томилсон түшмэл Ламжав шударга шийдвэр гаргасан нь тухайн цагтаа зөв алхам болсныг тэмдэглэлтэй. Энэ бүхэн нь ядарч туйлдсан бусад хошуудад санаа дохио болж, тэмцэлд ялж болохыг ард түмэнд ойлгуулсан сургамжтай үйл явдал болжээ.

     Шинээр томилогдсон засаг ноён Намсрайжав үүссэн өрийг дарахын тулд өр тавьсан хүмүүсийн хөрөнгийг хурааж өрийг барагдуулсан байна. Ноён Намсрайжав эрдэм боловсролтой, эвсэг тайван, найр наадамч, наргиа хөгжөөнтэй, нутаг хошуугаа өөд татахын тулд ихээхэн анхаарч нилээд зүйлийг хийсэн хүн аж. Тэрээр 1921 оны ардын хувьсгалыг дэмжин өөрийн нутгаас цэрэг зохион байгуулан цуглуулж өөрөө удирдан Сэлэнгийн Тавилан, Олон голын бэлчир зэрэг газарт цагаантныг тосгуулан байлдуулж явжээ. Мөн хошууны иргэн халзан Дамдинсүрэн, “харлаг” хэмээх Цэрэн, Б. Шарбэх зэрэг хүмүүс Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж Ховд, Улиастайг гамингаас чөлөөлөхөд хүчин оролцсон партизан болоогүй партизанууд байв. Ховдыг чөлөөлж дуустал Хатанбаатарын цэрэгт байж Ховдын хэрмийг даван орж ялалт байгуулсан олон хүмүүсээс нэгэн удаа 70 гаруй хүнд баатар цол олгож байсны нэгэнд засгийн хошууны халзан Дамдинсүрэн оржээ. Тэр үеийн ахмадууд түүнийг “Задгай баатар” хэмээн нэрлэж байв. Хожим гучаад оны дундуур Хатанбаатар Магсаржавын цэрэгт явж байсан партизан болох хүмүүсийн бүртгэл явагдахад тэдгээр хүмүүс хоорондоо ярилцаж зөвлөлдөөд тэр үеийн цагийн байдлаас шалтгаалан “биднийг баривчилж хэрэг төвөгт холбуулах нь…” гэж айн болгоомжлоод бүртгүүлэлгүй өнгөрсөн юм гэдэг. Эетэй засгийн хошуу нь 1691-1911 онд халхын умар, замын дундад этгээдийн адгийн хошуу хэмээн нэрлэгдэж байгаад үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа Богд хаант Монгол Улсын үед Эетэй засгийн хошуу хэмээгдэх болов. Эетэй засгийн хошуу нь дотроо баруун зүүн хоёр багтай боловч хоёр өөр хошуу шиг баруун багийнхан, гэгээнтний суртал номлолыг мөрдөн Асайтын голоо дагаж, зүүн багийнхан нь ноёноо даган Улиастайн голоо дагаж дундуураа заагласан мэт хамрын ар өвөр талд ялгаран нутагладаг байжээ. Хошууны төв нь Шар хөндийн хийд буюу Улиастайн хүрээ байв. Энэ болж тамга харъяалж байсан ноёны буюу зүүн багийнхны хүрээ, нөгөө Асайтын хүрээ нь Жамъянгаравын додомдсон баруун багийнхны хийд болж нэг хошууны хоёр хийд хамба гэгээнтэнтэй, хошуу ноёнтойгоороо салсан мэт баруун зүүн багаараа ноёд, харлигаараа хуваагдаж харгалзаж байжээ. Ноёны талынхан нь С. Жамъянгаравыг ширээнд залахгүй, ноёд дотроосоо чойрын хамба томилно, гэсгүй суулгана гэхэд Жамъянгарав ноёдын багаас шавь орохыг хориглож бас баруун багийнхан нь “хошууныхаа энэ эрдэмтэй багшийг байхад явуулын бадарчинд шавь болохгүй” гэж харгалдав.

   С. Жамъянгарав гүмбэн явахдаа хошуу ноёндоо тумлаж “чойр тогтоовол ирнэ, эс тогтоовол ирэхгүй” гээд явжээ. Даянжалбуу засаг ёсоор болгож “чойр тогтоолоо, шавь олондоо ирж залар” хэмээн араас нь элч зарлага давхиулж, хэлсэн ёсоор нь болгож байсан гэдэг.

   1924 онд эетэй засгийн хошууг өөрчлөн Цэцэрлэг мандалын аймгийн Эрдэнэцогцолсон уулын хошуу болгоход анхны даргаар нь Намсрайжав буюу Даринчулууныг томилсон.

   1924 оны 03 дугаар сарны 07-ны өдрөөс эхлэн 99 хүн хуучин хэргэм зэргээсээ татгалзсаны нэг нь засаг ноён Ж. Намсрайжав байжээ.

   1924 оны сүүлчээр захиргааны зохион байгуулалтыг өөрчлөхөд хошууны даргаар харц гаралтай Ядамсүрэнг томилжээ. Хошууны төв нь Шар хөндийн аманд төвлөрч байв. Тэр үед тус хошуу 600 гурай өрх, 2000 орчим хүн ам, дөчөөд мянган мал тоолуулж байжээ.

     1925 онд Эрдэнэцогцолсон уулын хошууг Мэргэн гүний хошуутай нэгтгэн Рашаант уулын хошуу болгожээ.

       1925-1930 он хүртэл Ц. Түмэнбаяр, Г. Содномцэдэн, Ж. Намсрайжав, Н.Ванчинсамбуу нар хошууны даргаар ажиллаж байв.

         Орон нутгийн засаг захиргааг дахин шинэчлэн байгуулсан 1930-аад оны эхээр хошууны зохион байгуулалтыг өөрчилж Жаргалант сумыг 9 багтайгаар байгуулав. 1932 оны 11 дүгээр сард сумын төв Баянцагаанд суурьшиж эдүгээ хүртэж оршиж байна.

     1931 оны 02-р сраын 04-ний өдрийн зургадугаар хурлаар орон нутгийн засаг захиргааны хуваарилалтанд өөрчлөлт оруулсан тухай хууль баталсан нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн. 1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын тогтоол гарч аймаг, сумдын хилийг шинээр тогтоохоор заасан учир Рашаант уулын хошуу нь Хөвсгөл аймгийн Рашаант сум болон тасарч, Цэцэрлэг, Жаргалант гэсэн 2 сум Архангай аймгийн шинэ засаг захиргааны нэгж болов. Жаргалант сумын анхны даргаар З. Сосор /эмэгтэй/ сумын нарийн бичгийн даргаар Л. Минжүүрийг сонгожээ.

Хошууны угсаа залгамжилсан ноёд

 

  1. Цэдэнгийн Зэнэмэд /Жалайр хунтайж/ 1709-1724 он
  2. Зэнэмэдийн Тэгш /Таваг засаг/ 1724-1750 он
  3. Тэгшийн Убаш /Чин бишрэлт засаг/ 1750-1788 он
  4. Убашийн Бодьсүрэн /Бодь засаг/ 1789-1804 он
  5. Убашийн Гомбодорж /Го засаг/ 1805-1843 он
  6. Гомбодоржийн Галсандорж /Га засаг/ 1843-1850 он
  7. Гомбодоржийн Жанчивдорж /төр бариагүй/ 1851
  8. Жанчивдоржийн Ринчиндорж /Эрдэнэ засаг/ 1852-1859 он
  9. Ринчиндоржийн Даянжалбуу /Дархан гүн/ 1897-1916 он
  10. Даянжалбуугийн Ванчиннамжил /Сайн дурын засаг/ 1916-1918 он
  11. Жамсрангийн Намсрайжав /Даринчулуун/ 1918-1924 он

Сумын дарга нар

  1. Н. Ядамсүрэн 1924-1925 он
  2. Ц. Түмэнбаяр 1925-1926 он
  3. Ч. Содномцэрэн 1926-1927 он
  4. Ж. Намсрайжав 1927-1928 он
  5. Н. Ванчинсамбуу 1929-1930 он
  6. З. Сосор /эмэгтэй/ 1930-1932 он
  7. Ж. Өлзийбадрах 1932-1933 он
  8. Н. Шагдар 1933-1940 он
  9. Б. Баатарбүргэд 1940-1943 он
  10. С. Гэлэг 1943-1945 он
  11. О. Гүржав 1945-1946 он
  12. Х. Түдэв 1946-1948 он
  13. С. Гэлэг 1948-1952 он
  14. Б. Готов 1952-1954 он
  15. Г. Шинэдэнцэл 1954-1955 он
  16. Б. Готов 1955-1959 он

Сум, нэгдлийн дарга нар

 

  1. Б. Жанлав 1959-1962 он
  2. Р. Пүрэв 1962-1968 он
  3. Ш. Пандибалжир 1968-1974 он
  4. Э. Дамдинсүрэн 1974-1977 он
  5. Д. Чимэдцэрэн 1977-1987 он
  6. Ө. Нямцэрэн 1987-1991 он
  7. Ж. Арилдсүрэн 1991-1992 он

Сумын засаг дарга нар

  1. Ж. Цэрэннадмид 1992-1996 он
  2. С. Нинжчамба 1996-2002 он
  3. Б. Батхангай 2002-2004 он
  4. Ж. Батчулуун 2004-2008 он
  5. С. Нинжчамба 2008-2010 он
  6. Ч. Батболд 2010-2012 он
  7. Б. Эрдэнэбаатар 2012 оноос