Home Мэдээ, мэдээлэл “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. ХҮҮХДИЙН САНАЛ БҮР ҮНЭТЭЙ.

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. ХҮҮХДИЙН САНАЛ БҮР ҮНЭТЭЙ.

         Хүүхдийн амьдралын бүхий л орчинд хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж, үнэлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг тодорхойлж, бодлого шийдвэрт тусгах, шийдвэрлэхэд хүүхдийн бодит оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Оролцоод хөгжье” хүүхдийн цахим чуулганыг зохион байгууллаа. Чуулганд сумынхаа 1671 хүүхдийн төлөөлөл болсон идэвхтэн хүүхдүүд хамрагдав.
        Чуулганыг сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Сумын Засаг дарга П.Алтанхуяг нээж, “Сумын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ЗДТГ-ын мэргэжилтэн Д. Мөнхнаран, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал” сэдвээр Бүрэн дунд сургуулийн захирал Г.Мөнхтөр, нийгмийн ажилтан Д.Раднаасэд нар илтгэл тавьж мэдээлэл өгөв.
    Мөн чуулганы үеэр хэлэлцүүлэг хийж оролцогч хүүхдүүдийн саналыг сонсон, асуусан асуултанд хариулт өгч, цаашид хийх хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.
  Чуулганы үеэр хүүхдүүд болон бусад оролцогчдоос дараах санал гарсан болно. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургуулийн химийн кабинетыг тохижуулах /Туршилтын бодисоор хангах/
2. Өвлийн улиралд дугуйлан, секцэнд хамрагдаад харих үед харанхуй болж айдастай байдаг тул цаашид аюулгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил зохиох
3. Хөл хориотой үед хотоос ном захиалж уншихад хүндрэлтэй байдаг тул сумын номын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цахим ном унших орчин бүрдүүлэх
4. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, тодорхой арга хэмжээ зохиох
5. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл, дугуйланг хэрэглэгдэхүүнээр хангах /вадминтоны/
6. Оюун ухаан сорьсон болон бусад хэлбэрийн тэмцээнийг цахим хэлбэрээр зохион байгуулах /сурагчдын бүтээлч байдлыг хөгжүүлэх тэмцээн байвал сайн/
7. Сургуулийн гадна тоглоомын талбай болон наадмын талбайн хажуу талын тоглоомын талбайг засварлах
8. Сумын орон нутаг судлах музейг ашиглалтанд оруулж хүүхэд, залуучуудад таниулах ажлыг зохион байгуулах
9. Шинээр Соёлын төв баригдаж байгаа тул хуучин Соёлын төвийн барилгыг засварлаж ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд болон бусад иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг өргөө болгох талаар судлах зэрэг болно.
Чуулганаас дээрхи санал, санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, сар бүрийн 10-ныг хүүхдээ сонсдог өдөр болгох зэрэг шийдлүүдэд хүрэв.
        Мөн чуулганы төгсгөлд сумын хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрүүлэх чиг үүрэг бүхий “ХҮҮХДИЙН ЭЛЧ”-ийг сонгох сонгууль болж чуулганд оролцогчдоос 3 хүний нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад олонхийн саналаар Ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Цэдэвсүрэн сонгогдов.
ЧУУЛГАНААС ГАРСАН УРИА: “ОРОЛЦСОН ХҮҮХЭД ХӨГЖДӨГ, ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДДАГ ТУЛ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ!”