Home Төрийн үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэмж авах нөхцөл, бүрдүүлэх материалуудыг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэмж авах нөхцөл, бүрдүүлэх материалуудыг танилцуулж байна.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ НЬ ДАРААХ ТӨРЛҮҮДТЭЙ. ҮҮНД:

1. Асаргааны тэтгэмж

2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж

3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

4. Хүүхдийн мөнгөн тэтгэмж

   АСАРГААНЫ ТЭТГЭМЖ

    Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно. Сар бүр 70000 төгрөгийг сар бүрийн 15-аас харъяа банкнаас хүлээн авна. Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэнээс гадна ахмад настан болон 16-гаас дээш насны хүүхдэд олгож болно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам”-ын 4.6-д зааснаар) Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3-аас дээшгүй иргэнийг асарч болно.

     Бүрдүүлэх матераил:

  1. Өргөдөл
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон эмнэлэг хяналтын комиссын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр
  4. иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. асруулагчийн иргэний үнэмлэх /16 хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт
  6. 2, 2% цээж зураг
  7. Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

– Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн асаргааны тэтгэмжид хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сумын  нийгмийн ажилтанд өгнө.

  1. Өргөдөл
  2. Багийн  Засаг даргын тодорхойлолт
  3. эх, эцэг нас барсны гэрчилгээ
  4. хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай дүүргийн Засаг даргын захирамж, хуулбарын хамт
  5. иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  6. асруулагчийн иргэний үнэмлэх /16 хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт
  7. 2% цээж зураг
  8. Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

– Гэр бүлийн тухай хуулийн[5] 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

– Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

– Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНИЙ ТЭТГЭМЖ

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг олгох тухай хуулийн заалт хэрэгжиж эхлээгүй байна.

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид дараах өрх, иргэн хамрагдана.

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Өргөдөл
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  4. гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон онцгой байдлын асуудал хариуцсан хэлтсийн дүгнэлт
  5. эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  6. эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хэрэв хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн байгууллагын архивын лавлагаа
  7. ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
  8. ӨМНС-ийн судалгааны үр дүнгийн талаарх тодорхойлолт
  9. Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

“ЭХИЙН АЛДАР” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНТОЙ ЭХИЙН МӨНГӨН ТУСЛАМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Өргөдөл
  2. Багйин Засаг даргын тодорхойлолт
  3. Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  4. иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  5. 2% цээж зураг

ЖИРЭМСЭН БОЛОН НЯРАЙ, ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХИЙН ТЭТГЭМЖ

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно.

Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй. (Нийгмийн халамжийн хуулийн 13.7, 13.8-д зааснаар)

Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 6 сараар, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 12 сараар сунгана. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам”-ын 4.7-д зааснаар)

Тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдэд бус эхэд олгохоор заасан байгаа тул хэмжээг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн олгохгүйг анхаарах хэрэгтэй.

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

– Өргөдөл (маягтын дагуу);

– 2 хувь зураг;

– Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

– Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

– Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-д заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Өргөдөл
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  5. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт
  6. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт

ИХЭР ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ АВАХАД ВҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Өргөдөл
  2. иргэний үнэмлэхний хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар
  3. ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт
  4. хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  5. Багйин Засаг даргын тодорхойлолт
  6. Гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дилломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт

3 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ ЭЦГИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Өргөдөл
  2. Эхнэр эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт
  3. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/
  4. хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. 1% цээж зураг
  6. амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ СМАРТ НАРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ /ахмад настан/

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Цахим картны үнэ 3600 төгрөг тушаах /Төрийн банк, Данс 105700517654/

Жич: Смарт карт шинээр авах гэж байгаа иргэд заавал өөрийн биеэр ирнэ. Хүүхдээрээ болон хүнд хортой нөхцөлөөр, цэргийн тэтгэвэрт гарсан иргэд хамаарахгүй, зөвхөн хуулинд заасан /эмэгтэй 55, эрэгтэй 60/ нас нь хүрсэн тохиолдолд авна.

Хэрэв та смарт картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд материалаа дахин бүрдүүлж драгон төвийн нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр очиж дахин авна.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ СМАРТ НАРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ /хөгжлийн бэрхшээлтэй иргэн/

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар
  3. Цахим картны үнэ 3600 төгрөг тушаах /Төрийн банк, Данс 105700517654/

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

– Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

– Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно

– Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

– 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

– Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ

 Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрх, иргэний хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас тооцон сар бүр олгоно.

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно.

  Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь үйлчлүүлэх арилжааны банкийг өөрөө сонгох эрхтэй.

Тухайн хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зөвхөн нэг банкийг сонгож, уг банкинд өөр эзэмшигч ашиглаж байгаагүй зөвхөн нэг данс нээлгэнэ.

Хүүхдийн эх \эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд\ эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаж болно.

Иргэн сонгосон арилжааны банкинд өөрийн биеэр очиж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлт гаргана.

Асран хамгаалагч /14 хүртэл насны хүүхдэд/, харгалзан дэмжигч /14-18 насны хүүхэд/-ийг Суjм, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно.

Итгэмжлэлийг нотариатчаас авна.

 Иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж банкны ажилтанд өгнө:

 Хүүхдийг төлөөлөн мөнгө авах эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/-ийн иргэний цахим үнэмлэх

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрсэн бол иргэний цахим үнэмлэх
  2. Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
  3. “Гэр бүлийн тухай” хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;
  4. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл;

Дээрх баримт бичгийг банкны ажилтан хүлээн авч өргөдлийн маягт бөглүүлэн, иргэнээр гарын үсэг зуруулж баталгаажуулан авна.

Иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах дансыг хүүхэд тус бүрээр нээлгэнэ.

Асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар уг хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газрын харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрч иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих газрын харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана.

Үүнд:

  1. Хүүхэд 18 нас хүрсэн;
  2. Хүүхэд нас барсан;
  3. Монгол Улсын харьяатаас гарсан;

 Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түр зогсоох шийдвэр гаргана Үүнд:

  1. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө  авсан нь тогтоогдсон;
  2.  Регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгө илүү олгогдсон;
  3.  Тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн;
  4.  Хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн;

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдэд олгохгүй.

Эх сурвалж: http://hudulmur-halamj.gov.mn/