Home Төрийн үйлчилгээ Нийгмийн даатгалын үйлчилгээ авахад тавигддаг болзол, шаардлагуудыг танилцуулж байна.

Нийгмийн даатгалын үйлчилгээ авахад тавигддаг болзол, шаардлагуудыг танилцуулж байна.

Нэг. Өндөр насны тэтгэвэр авах
Ангилал
Нийгмийн даатгалын үйлчилгээ
Тайлбар

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эрэгтэй даатгуулагч тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас
  • Эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 55 нас
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн тэтгэвэр авах эрх
Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:
  • Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа
  • Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа
  • Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно
Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Хоёр: Тахир дутуугийн тэтгэвэр авах
Ангилал
Нийгмийн даатгалын үйлчилгээ
Тайлбар
“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Шимтгэл төлвөл зохих хугацаа:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх
  • Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.
Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох
Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:
  • 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд
  • 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.
Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?
Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.
Жишээ:
Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.

  • 600 000 төгрөг х 48% (45% +(1.5% х(22 жил-20 жил))= 288 000 төгрөг нь бүрэн тэтгэвэрт ноогдох хэмжээ болно
  • Тахир дутуугийн тэтгэврийг дээрх ноогдох хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно

288 000 төгрөг х 60% = 172 800 төгрөг нь тахир дутуугийн тэтгэвэр болно Дээрх жишээгээр уг даатгуулагчид олгох тахир дутуугийн тэтгэврийн бодит дүн 172800 төгрөг болж байгаа хэдий ч Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251 000 төгрөг тул тэтгэврийг 251 000 төгрөгөөр тогтоож олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?
Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.

Гурав. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Тайлбар
“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Шимтгэл төлвөл зохих хугацаа:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвриJйг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.
Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс
  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/
  • Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ
Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:
Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/
3, түүнээс дээш 100
2 75
1 50
Нутаг дэвсгэр
Дөрөв. Цэргийн албан хаагчиин тэтгэвэр
Тайлбар
Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна
  • Цэргийн алба хаасны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцуулэн тогтоолгон авах эрх
10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
  • Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  • Биеийн эрүүл мэндээр
  • Цэргийн алба хаах нас хэтэрч
Цэргийн алба хаах насны дээд хязгаар
  • Ахлагчийн албыг 47 нас хуртэл
  • Дунд офицер 47 нас хуртэл
  • Ахлах офицер 52 нас хуртэл
  • Дээд офицер 57 нас хуртэл тус тус хааж болно
  • Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүй 47 нас хүртэл хааж болно.
Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл
Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно
Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг
  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал
Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.
  • Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байлдааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан үүрэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
  • Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
  • Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол. ердийн өвчний улмаас
  • Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
Тав. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
Тайлбар

Нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн бол тэтгэмж авах эрх үүснэ. Харин хөдөлмөрийн чадвар түр алдсан шалтгаан үндэслэл нь ердийн өвчин, ахуйн осол байдаг. Хөдөлмөрийн чадвар алдагдсан хугацаа нь тэтгэвэр олгох, эсвэл тэтгэмж олгох уу гэдгийг шийднэ. Тэтгэмж олгоход нэг удаагийн хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлжлэх хугацаа нь 66 хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар, сүрьеэгээр өвдсөн үед 132 хоног байна. Энэ хугацаа хэтэрсэн боловч хөдөлмөрийн чадвар сэргээгдээгүй бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно. Нэг жилийн хугацааны дотор хэд хэдэн удаа хөдөлмөрийн чадвар алдагдаж тэтгэмж авч байсан бол нийтдээ 132 хоногоос хэтрэхгүй байх ба нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сар төлснөөр дахин тэтгэмж авах эрх үүснэ. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг эхний долоо хоногт ажил олгогчоос, үүнээс цааш нийгмийн даатгалын байгууллагаас олгодог.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хувь хэмжээгээр бодно:
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 50 %
5-14 жил 55 %
15 ба түүнээс дээш жил 75 %

Зургаа: Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

Тайлбар

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мөн сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлэх тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэмжийн сангийн тэтгэмж авна. Энэ тэтгэмж нь нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 6сард нь тасралтгүй төлсөн байвал авах эрх үүснэ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагч эхэд сүүлийн 12 сарын цалингийн дундажийн 70 хувиар тооцож, 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. Сайн дурын даатгуулагч эхэд сүүлчийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажын 70 хувиар тооцон, 4 сарын хугацаанд нийгмийн даатгалаас олгоно.

Долоо: Оршуулгын тэтгэмж
Тайлбар

Нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан иргэн нас барвал оршуулганд нь зориулж нийгмиийн даатгалын тэтгэмжийн сангаас мөнгөн тусламж олгох тухай хуулинд заасан. Даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулганд зориулан тэтгэмж олгоно. Харин даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн байх  шаардлагатай. Үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас даатгуулагч нас барвал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй оршуулгын тэтгэмж олгоно.

Найм. Ажилгүйдлийн тэтгэмж

Тайлбар
Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно Үүнд:
  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулахтай холбогдсон зардал
ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ
Даатгуулагч нь дараахь болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.
  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
  • Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.
Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
ДААТГУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ
Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно:
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
  • Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр
  • Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.

Ес. Үйлдвэрлэлиин осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
Тайлбар:
Та үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсанаар
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл
  • Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй
Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг “мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэнэ.
Ямар нөхцөл байдалд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?
Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно. Үүнд:
  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?
Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй
Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ?
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?
Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг яаж тооцдог вэ?
Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.
Жишээ:
Даатгуулагч “Д” үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 475000 төгрөг. Тэгэхээр даатгуулагч “Д” тахир дутуугийн тэтгэвэрт сард 261250 төгрөг (475000×55%) авна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ?
Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно
Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас өөр ямар төрлийн төлбөр олгох вэ?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.
Гадаад оронд хийлгэсэн протез, ортопедийн төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан жишиг үнийг баримтлан бэлэн бусаар шилжүүлнэ.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч рашаан сувилалд сувилуулахад гарсан зардлыг төлөх уу?

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулсан бол сувиллын зардал, ирэх, очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувиллын болон унааны зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

Арав. Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

Тайлбар
Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал:
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Бусад иргэн
Сайн дурын даатгуулагч эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө:
  • Тэтгэврийн даатгалд-10,0%
  • Тэтгэмжийн даатгалд-1,0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1,0%
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.
Сайн дураар даатгуулагч шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна.
Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?
Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална
  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
  • Тэтгэвэр тогтоолгох
  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө
Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрхтэй вэ?
Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.
  • Тэтгэврийн даатгалын сангаас
    • Өндөр насны тэтгэвэр
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Тэтгэмжийн даатгалын сангаас
    • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
    • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
    • Оршуулгын тэтгэмж
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
    • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
    • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
    • Тэтгэврийн даатгалын шимтгэл
    • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
    • Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал
Сайн дураар даатгуулагч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хүлээх вэ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.
  • Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх
  • Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах
  • Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх
Сайн дураар даатгуулагчид ямар тохиолдолд хариуцлага хулээлгэх вэ?
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах асуудлыг ямар байгууллагад тавьж шийдвэрлуулэх вэ?
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална
Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох вэ?
  • Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.
  • Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.